МУИС | Франц хэлний дэлхийн багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн 6-р их хурлыг зохион байгуулж байна

2019 оны 9 дүгээр сарын 19, 20-нд Монгол Улсын ууган сургууль болох Монгол Улсын Их Сургууль Франц хэлний дэлхийн багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн 6-р Их хурлыг зохион байгуулж байна. Энэ хуралд Япон, Хятад, Тайланд, Австрали, Сингапур, Бельги, Солонгос, Энэтхэг, Монгол зэрэг 10 орны 50 гаруй эрдэмтэн мэргэд цуглан франц хэлний сургалт, өнөөгийн байдал, орчин үед хэл соёлыг хэрхэн зааж сургах, шинэ технологи-той хэрхэн хослуулах, олон хэл, соёлын бодлогыг 2 өдрийн туршид хэлэлцэж байна.

Эл хуралд Франц хэлний дэлхийн багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал, Франц хэлт орнуудын Их, Дээд сургуулийн холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал, Киотогийн Их сургууль, Сингапурын Үндэсний Их сургууль, Тайваний Тамканы Их сургууль, Хятадын Сун Ютсэний Их сургууль гээд  дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн 50 гаруй профессор хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүлж байна.

МУИС дээр Франц хэлний монгол багш нарын холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн франц хэлний багш нарын холбоонд 2000 онд элссэнээс хойш Ази-Номхон далайн бүсийн үйл ажиллагаанд тогтмол оролцож, эрдэм шинжилгээний хурал, төсөл хөтөлбөрт идэвхтэй хамрагддаг.

МУИС 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд  өнөөдрийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн төгсгөж франц хэлт үндэсний хэмжээний боловсон хүчнийг бэлтгэжээ. Дэлхий дээр 350 сая гаруй хүн франц хэлээр хэлэлцдэг гэж үздэг, франц хэл НҮБ, ЮНЕСКО-ийн албан ёсны бичгийн хэл, Олон улсын Олимпын хороо зэрэг олон улсын олон байгууллагын албан ёсны хэл билээ.

МУИС 2024 онд Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох стратеги төлөвлөгөөний хүрээнд тухайн бүсийн сургуулиудтай хамтын ажиллагаа улам нягтруулах хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагаандаа онцгой анхаарч байна.

Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 100 гаруй орны 890 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлт орнуудын Их, Дээд сургуулийн холбоонд МУИС 2013 онд элсэн орж 2018 онд Франц хэлт орнуудын Инноваци, хамтын ажиллагааны төвийг байгуулан франц хэлт оюутнуудыг мэдээллээр хангах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийн тухайд зөвлөгөө өгөх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад анхаарч байна. МУИС-ийн төгсөгчийн дипломыг гишүүн орны Их, дээд сургууль хүлээн зөвшөөрч ахисан шатны сургалтад хамруулах боломж бүрдүүлдэг мөн төгсөгчдийг ажил олгогчтой холбох талаар олон талт арга хэмжээ зохион байгуулж байна.