“Франц Улсад суралцсан Монгол оюутан, сурагчид /1926-1930/” эрдэм шинжилгээний хурал, “Алс газар сурахаар одогсод” номын нээлт боллоо

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, монгол сурагчид Франц улсад суралцаж эхэлсний 95 жилийн ой  2021 онд тохиож байна. Түүхэн ойд зориулан БШУЯ болон ШУА, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС, ТЕГ-ын Тусгай архив, МҮОНТВ, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран  “Франц улсад суралцсан монгол оюутан, сурагчид (1926-1930)” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 

Тус хуралд МУИС-ийн профессор Б.Алтангүл “Монгол дахь франц судлал”, түүхийн ухааны доктор (Ph.D) Р.Төрдалай “Монгол оюутан, сурагчид Франц улсад суралцсан нь (1926-1930)”, докторант Ч.Батдорж “Сайд Эрдэнэбатханы боловсролын салбарт оруулсан хувь нэмэр”, түүхийн ухааны доктор (Ph.D) Да.Эрдэнэбат, У.Эрдэнэбат “Герман, Францад суралцагчдын багш нарын судалгааны асуудалд: Д.Буддарь, Б.Ишдорж, Г.Далай”, түүхийн ухааны доктор (Ph.D) На.Батболд “Францад суралцсан монгол оюутан, сурагчдад холбогдох Тусгай архивын баримтын тойм” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Мөн хурлын үеэр сэтгүүлч Ч.Болдын “Алс газар сурахаар одогсод” номын нээлт боллоо.

Түүхийн хуудас сөхвөл, БНМАУ-ын төр засгийн бодлогоор дунд сургуулийн боловсролтой 35 хүүхдийг 1926-1930 онд Франц, Герман улсад сургасан бөгөөд тэдгээр хүүхдүүд хожим шинэ Монгол Улсын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон билээ. 

Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны 7 дугаар сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. Мөн оны намар тэдгээр сурагчид дээр нэмэгдэн Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар очсон агаад тэд Сорбоны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцах болсон аж. Манай сурагч, оюутнууд 1926-1930 онд Франц улсын Мишле лицей, Сорбоны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эгүүлсэн татсан билээ. 

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүд улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Тухайлбал, сурагч Ж.Дүгэрсүрэн 1945 онд хилс хэргээр шоронд хоригдож, 1946-1948 онд нутаг заагдан амьдарч байсан бол сурагч Л.Намсрайд “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул” хэмээх гүжир ял тулгаж, давж заалдах эрхгүйгээр таслан шийтгэж цаазаар авсан билээ. Түүнчлэн тэдгээр сурагчдыг Франц улсад суралцах хугацаанд удирдан чиглүүлж байсан бараг бүх багш нарыг “хувьсгалын эсэргүү” гэх хилс хэргээр цаазаар авсан бол оюутан М.Гомбожав шоронд нас барж, оюутан Ц.Бадамжавын хувь заяа орвонгоороо эргэн эмгэнэлтэйгээр төгссөн. Харин хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсч үлдсэн сурагч Т.Аюурзана хожим Төрийн шагналт, академич болсон бол сурагч Ж.Дүгэрсүрэн газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор болж алдараа мөнхөлсөн билээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд БНФУ-д айлчлахдаа Мишле лицей ахлах сургуулиар зочлож, танилцсан юм. Энэ нь 1926 онд Эрдэнэбатхан сайд тус сургуульд зочлосноос хойш 93 жилийн дараа Монгол Улсын гэгээрлийн сайд зочлосон хэрэг байв. 

Монгол Улс, БНФУ-ын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 2020 онд 55 жилийн ой тохиосон билээ. Ойн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр тэргүүтэй сенатчид албан ёсоор Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Францын парламентын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Муйэ, дэд дарга Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар багтжээ.  

Хүндэт зочдыг МУИС-ийн удирдлага хүлээн авч уулзаж Монголын франц судлалыг МУИС нэр төртэй авч явааг онцлон тэмдэглэлээ. Зочид МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвд зочлон, франц хэлний багш, судлаачидтай уулзан, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцав. 

Зарлал